Wednesday, September 19, 2012

Курсын ажил бичих журам

Сайн байна уу? Таньд энэ өдрийн амгаланг айлтгая.
          Ингээд анхны хичээлыг та бүхэндээ хүргэж байна.
Курсын ажил бичих журам.
Курсын ажил бол оюутнуудын бие даасан сургалт-судалгааны ажил сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно.
Уг ажил нь оюутанд хичээлээр олж авсан онолын мэдлэгээ бататган системчлэх, тодорхой асуудлыг нарийвчлан судлах, арга зүй чадварыг олгоно.
Курсын ажлыг гүйцэтгэх явцад оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих, шинжилгээ хийх, ном хэвлэл болон мэдээлэл лавлагааны материал ашиглаж сурах арга зүй, чадвар нэмэгдэнэ.
Курсын ажлын зорилго
Оюутан онолоор олж авсан мэдлэгээ практикаар системчлэх, батжуулан баяжуулах, тэдгээрийг байгууллага дээрх бодит байдалд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглаж сурах явдал юм. Зорилго нь шинжлэх ухааны, танин мэдэхүйн, сургалтын, арга зүйн гэсэн олон хэлбэртэй байж болно.
1. Курсын ажлын зорилтууд
Хичээлийн лекц ба семинараас олж авсан онолын мэдлэгээ батжуулах, баяжуулах, системчлэх
- Мэргэжлийн ном зохиолыг бие даан сонгох чадварыг эзэмших
- Шинжлэх ухааны ном зохиолыг бие даан судалж, ашиглаж сурах
- Ном зохиолыг судлах явцад олсон мэдлэгээ бие даан илтгэх, системчлэх чадвартай болох
- Шинжлэх ухааны судалгааны ажлын чадвар эзэмших
- Мэргэжлийн чадвар, дадал эзэмшихэд суралцах
Уг ажлын бичилтийн чанар, хамгаалалтын түвшин нь хичээлүүдээр үзсэн үндсэн ойлголтуудыг оюутан бодит практик шинжилгээнд ашиглаж, санал дүгнэлт боловсруулах чадварыг харуулна.
Курсын ажлын судалгааны объект нь микро түвшинд бодит байгууллагын аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүний үр дүн, макро түвшинд дэлхийн болон тодорхой улсын зах зээл, эдийн засгийн орчин, үзүүлэлт байж болно. Иймээс оюутан тус бүр судалгааны ажлаа явуулах объектыг сонгох ёстой.
3. Курсын ажлын сэдэв сонголт
Тэнхимээс баталж өгсөн сэдвийн жагсаалтаас сэдэв сонгохдоо цаашид хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, дипломын ажил ба өөрийн сонирхлыг харгалзах нь зүйтэй. оюутнууд өөрийн судалгааны сэдвийг бие дааж сонгоно. Сэдвийн бага зэргийн өөрчлөлтийг удирдагч багштай зөвшилцсөний үндсэн дээр хийхийг зөвшөөрнө.
Тэнхмээс сонгосон сэдвийн удирдагч багшийг томилно.
4. Курсын ажлын бүтэц
Бүтэц нь дараах хэлбэртэй байна.
1. Оршил: Уг сэдвийг сонгох болсон шалтгаан, онол практикийн ач холбогдол, ажлын зорилго ба зорилтуудыг тодорхойлно. Оюутан судалгааны ямар хэсэг дээр илүү анхаарал хандуулж, алийг нь орхигдуулсан буюу дутуу судалсныг үзүүлнэ.
2. Үндсэн хэсэг: Үндсэн хэсэг хоёр бүлгээс бүрдэнэ.
- Нэгдүгээр бүлэгт онолын үндсэн ойлголт болон эдийн засгийн хуулиудын шинж, онцлог чанар, судалгааны арга зүй, аргачлалаа тодорхойлно. Уг асуудлын талаарх гадаад болон дотоодын ном судалгаа, бүтээл, хэвлэлд судлагдсан байдлын өөрийн саналыг дэвшүүлэх.
- Хоёрдугаар бүлгийн судалгааны хэсэгт сонгосон тухайн асуудал/сэдэв/ салбар, дэд салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр дэлхийн ба өөрийн орны түвшин, нөхцөл байдал, онцлогтой уялдуулан урт хугцааны (динамик) болон зорилгоос хамаарах богино хугацааны судалгаа хийж, тэдгээрийн хөгжлийн зүй тогтол, цаашдын чиглэл хандлагыг тодорхойлно. (үндсэн хэсэг нэг бүлэгтэй байж болох боловч онолын болон практик хэсэгт хуваагдсан байна.)
3. Санал дүгнэлт: Энэ хэсэгт судалгааны үр дүн дээр үндэслэсэн ажлын товч дүгнэлт, үндсэн санал зөвлөмжүүдээ дэвшүүлнэ.
Оюутны боловсруулсан курсын ажлын бүтцийг удирдагч багш шалгаж засварлан баталсан байна.
5. Курсын ажилд гардаг түгээмэл алдаа, анхаарах зүйл
Ихэнх тохиолдолд курсын ажилд түүний бүтэц буюу төлөвлөгөөнд хэт олон асуултыг оруулснаас зарим нь сэдвээсээ халих буюу асуудлыг дахин давтах зэрэг алдаа дутагдал илэрдэг. Ийм төлөвлөгөөтэйгээр боловсруулсан ажилд сэдвийн хүрээнд онолын үндсэн хэсэгт анхаарал төвлөрөхгүй, судалгааг логик байдлаар шинжлэх боломж өгөхгүй, зангилаа асуудлуудыг гаргаж ирэхэд төвөгтэй болгодог зэрэг сөрөг үо дүн гардгийг анхаарах хэрэгтэй.
Оюутан урьд нь хэвлэгдсэн ном хэвлэл, сурах бичиг материалуудаас хэсэг хэсгийг салган авч үгчлэн хуулж бичих тохиолдол байдаг. Ийм үед курсын ажлын хэсгүүд хоорондоо уялдаагүй янз бүрийн номын хэсгүүдийн цуглуулга болдог. Энэ тохиолдолд үндсэн бүтээлүүдийн зохиогчид нь өөр өөр зорилго тавьсан бөгөөд янз бүрийн арга зүй, аргачлал ашиглаж бичсэн байдаг гэдгийг мартаж болохгүй.
6. Ном зүйтэй ажиллах
Ашиглах ном хэвлэлийн жагсаалтыг оюутан бие дааж сонгоно. Тухайн хичээл дээр ашиглагддаг сурах бичгийг нэмэлт материал болгон ашиглаж болно. Курсын ажлыг хийхэд гол үндсэн материалд нь
- Онолын сурах бичгүүд
- Монгол Улсын хууль тогтоомжууд
- Хэвлэлд гарсан шинжлэх ухааны ажлууд
- Асуудал дэвшүүлсэн өгүүллүүд
- Толь бичгүүд
- Лавлах болон статистик өгөгдлүүд
- Өөрсдийн хийсэн судалгааны материал орно.
Аль болох сүүлийн жилүүдэд хэвлэгдсэн ном хэвлэлүүдийг ашиглахыг хичээх хэрэгтэй. Ном хэвлэлийг ашиглахдаа эхлээд үндсэн сэдэвтэй холбоотой шинжлэх ухааны бүтээлд анхаарлаа төвлөрүүлж, дараа нь бусад хэвлэлийн материалыг ашиглах хэрэгтэй.
7. Курсын ажилд тавигдах үндсэн шаардлагууд
- А4 цагаан цаасны зөвхөн нэг тал дээр компьютер дээр бичиж хэвлэсэн болон ôайл хэлбэрээр
өгнө.
- ARIAL MON эсвэл Times new roman ôонтоор 12 хэмжээтэй мөр хоорондын зай 1.5 байна
- Текстийг 2 талаас тэгшилсэн байна.
- Зүүн гар тал буюу үдэгдэх талаас 2.5 см, бусад талаас 2 см зай авсан байна.
- Нүүр хуудас нь дүрмийн дагуу хийгдсэн байна.
- Ажлын заавал байх элемент нь:
- Агуулга буюу бүтцийн төлөвлөгөө,
- Ашигласан ном зүй
- Туслах материалуудыг (хүснэгт, загвар, график, диаграм болон бусад) хавсралтанд оруулж өгнө.
- Ашигласан материалыг бичихдээ цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ.
- Ажлын хэмжээ 25-35 хуудастай байна.
- Курсын ажилд тухайн асуудалтай холбоотой урьд судлагдсан материалуудыг системчлэн
харуулна. Түүнээс гадна оюутны бие даасан дүгнэлт, шинжилгээ болон саналаа тусгасан байна.
- Ном зохиолын эх үүсвэрээс үгчлэн хуулсан байхыг хориглоно. Хэрвээ ажилд тоон болон бодит
баримтууд, бусад зохиолчдын судалгаа дүгнэлт, санал орсон байвал эх үүсвэрийн зүүлт (footnote) хийсэн
байна.
- Зүүлт (footnote) нь тухайн хуудсанд байна.
8. Курсын ажлыг хамгаалах
Курсын ажлын эцсийн үнэлгээ нь оюутны хийж гүйцэтгэсэн ажлаас гадна түүнийг амаар хамгаалахаас хамаарна. Хамгаалалтанд удирдагчийн зөвлөгөөн дээр үндэслэн засварласан курсын ажлын эцсийн хувилбарыг оруулна. Эцсийн хувилбарыг удирдагч багш баталсан байх ¸стой. Оюутан курсын ажил хамгаалахдаа ажлын үндсэн үр дүн дүгнэлт саналыг багтаасан 5 минутын илтгэл хийнэ. Үзүүлэх материалыг ашиглаж болно. Хамгаалалтан дээр ангийн оюутнууд болон удирдагчаас гадна бусад тэнхмийн багш нар болон удирдлагаас оролцож болно. Хамгаалалтын үед тавигдсан асуултанд оюутан хариулах ёстой.
9. Курсын ажлыг дүгнэх
Дүгнэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзана:
1. Курсын ажлын судалгааны онол арга зүй, практик ач холбогдол
2. Хамгаалалтын түвшин
Хавсралт 1
Курсын ажлын бүтцийн төлөвлөгөө / жишээ /
Сэдэв: Инфляци: ойлголт, шалтгаан, үр дагавар, шийдвэрлэх арга зам
Оршил
Бүлэг 1. Инфляци нийгэм эдийн засгийн асуудал болох нь
1. Инфляцийн талаарх эдийн засгийн ойлголт онол, арга зүй
2. Инфляцийн шалтгаан
3. Инфляцийн төрөл. Эрэлтийн ба зардлын инфляци
4. Инфляцийн үр дагавар
Бүлэг 2. Инфляцитай тэмцсэн туршлага
1. Инфляцитай тэмцэх түүхэн туршлага.
2. Хөгжингүй оронд инфляцитай тэмцсэн туршлага, үр дүн.
3. Монголын инфляцийн шинжилгээ, түүнийг бууруулах үндсэн арга замууд.
Дүгнэлт .
Ашигласан ном зүй .
Хавсралтууд .
                                                                                                                                          Админ Ээгий.

No comments:

Post a Comment